Хуримтлагдах амжилт

Marla
4 min readMar 21, 2020

--

Өглөөний 8 цагт сургалтанд суухыг хүсэх хүн ховор байх. Гэхдээ шаардлага гарвал бүгд чадна. Манай ажлынханд өглөөний 8 цагт сургалтанд суух “шаардлага” дандаа гардаг. Өглөө 6 цагт босож, 7 цагт гэрээ орхиж, 8 цагт ажил дээрээ ирээд сургалтанд суухад хэдэн хүн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ирж, хэдэн хүн үсээ зулгааж босоод, ирцээ бүртгүүлэх гэж ирдгийг та нар таамаглаж байгаа байх. Сар алгасна гэж байхгүй, 7 хоног өнжвөл их юм гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр “Дараагийн сургалт хэзээ орох юм бол?” гэх хүлээлт үүсгэсэн сонирхолтой цуврал хичээл эхэлсэн юм. Юу нь сонирхолтой вэ гэж үү? Энэ сургалт биднийг сайн ажилтан болгохоос илүү сайн хүн болгоход чиглэсэн байсан юм. Илүү дээр хүн болж чадвал илүү сайн ажиллах нь гарцаагүй.

Нэг өдөр сургагч багш Еврей хүмүүсийн тухай тоо баримтаар яриагаа эхлүүлээ. Еврейчүүд дэлхийн хүн амын ердөө 1% д хүрэхгүй цөөхүүлээ атлаа:

Дэлхийн тэрбумтнуудын 25%

Нобелийн шагналтнуудын 22%

Оскарын шагналт найруулагчдын 30%

Дэлхийн шатрын аваргын 40%

Нэр хүнд бүхий их сургуулиудын профессоруудын 24% — ийг тус тус эзэлдэг байна. Магадгүй еврей хүмүүс ийм амжилттай байгаа нь санаандгүй хэрэг байж болно. Гэхдээ миний хамгийн дуртай хүүхэлдэйн киноны нэгэн баатар “There are no accidents” гэж хэлдэг. Санаандгүй тохиолдлын зүйл гэж байхгүй, заавал учир шалтгаан бий гэх санаа юм. Тэгээд бидэнд энэ номыг санал болголоо. Highly Recommended!!!

Coronovirus — ээс болоод бид өглөө 8 д бүү хэл өдөр ажлын цагаараа ч бөөндөө цуглаж чадахааргүй болсон. Тэгээд нэгэнт сургалтандаа сууж чадахгүй тул гэрийн даалгавраа хийхээр шийдлээ.

Бидний унших ном — Цойлогсод.

A5 ын хэмжээтэй, 187 нүүр номыг гэрээсээ 8 цаг ажиллаж, гэрээсээ ажиллаж байгаа болохоор өдөрт 10 цаг унтаж байгаа би 5 хоногт уншиж дуусгалаа. Ингээд номын төгсгөлд Израиль улсруу аялаж үзэхийг, Америкт очоод Еврей найзтай болохыг хүслээ. Та нарт ч бас ийм нэг хүсэл төрөх нь гарцаагүй. Израиль руу аялахыг хүстэл маань нөлөөлсөн ном надад юу юуг зааж өгсөн гээч.

Хуримтлагдах амжилт

Хуримтлалын хадгаламж нээн сар бүр эсвэл өдөр бүр данснаасаа мөнгө татуулан хадгалах нь сүүлийн үед тренд болж байна. Хадгалахаасаа илүү хадгаламж нээлгээд хаалгах нь моод болж байгаа гэвэл тохирно. Ихэнх нь 12 сарын хугацаатай хадгаламж нээгээд 3 сарын дараа хадгаламжаа хаачихдаг. Уг нь бол анх хадгаламжаа нээхдээ хүү өндөртэй, хугацаа урттайг нь сонгож нээдэг. Тэр үедээ л удаан хугацаанд хадгалж, хуримтлуулна гэж боддог байх. Би ч бас тэгэж л бодсон. Гэхдээ хуримтлуулж чаддаг хүн үнэхээр, маш, тун цөөн. Энэ хандлага ганцхан мөнгө хадгалахад бус гадаад хэл сурах, тушаал дэвших, бизнесээ эхлүүлэх зэрэг бидний урдаа тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх шалтгаан болдог.

Өдөр бүр нэг цагийг гадаад хэл сурахад зарцуулсан бол оюутны 4 жилд хоёр ч гадаад хэлийг хангалттай сайн сурчих байж, сар бүр нэг ном уншиж байсан бол сүүлийн 4 жилд 48 ном уншиж, 48 өөр ертөнцөөр аялах байж. Өдөрт нэг цаг, сард нэг ном гэдэг бол хамгийн бага хүчин чармайлт гаргаж байгаа хэрэг юм. Гэхдээ чамлах хэрэггүй.

Монголчуудын дунд улаан хоолойн хорт хавдар түгээмэл тохиолддог. Шалтгааныг нь судлан үзвэл Монголчуудын цайны соёлд цайг халуунаар нь уух гэдэг ойлголт бий. “Халуун дээр нь цайгаа уу” гэж ээж нар өдөр бүр хэлдэг. Эмээ нар халуун цай оочлоод л байдаг. Мэдээж нэг удаа халуун цай уулаа гээд хэн ч хорт хавдар тусахгүй. Харин өдөр бүр, өдөрт 2 эсвэл 3 удаа уур савссан халуун цайг оочлоод уугаад л байвал өнөөх эдгэшгүй өвчин үүсэх шалтгаан нь болдог байна. Ноцтой үйлдэл биш боловч олон давтагдахаараа үхэлд хүргэж болох нь. Сайн зүйлийг ч бас өдөр бүр хийгээд л байвал бага гэлтгүй агуу үр дүнд хүрэх юм.

Бидэнд “Хэвээрээ” гэх сонголт байдаггүй

Оргилуун дарс буудуулах шиг хүчтэй эхлэл олон байдаг. Анх ажилд орохдоо сайн албан тушаалд томилогдож, бага ангидаа математикийн олимпиадын медаль түүж, анх учираад л бие биенээ хэзээний мэддэг юм шиг хоорондоо төгс зохицох хайр дурлал ч байдаг. Тэнгэр дэх оддыг амтлах мэт энэ оргилуун эхлэл хормын төдийд л үргэлжилдэг. Цэлийсэн урт амьдралынхаа өчүүхэн хэсэгт тохиолдох энэ богинохон амжилтандаа бялуураад оргилуун дарсанд согтсон хэн боловч хоосон шилтэй үлдэх нь дээ. Ялчихсан мэт санагдах энэ мэдрэмж хүнийг хуурахдаа гаргууд. Тиймээс зогсолтгүй хичээгээрэй.

Ханасан уусмал бодисыг нэмж хүлээж авдаггүйн адилаар ханасан сэтгэл дараагийн ялалт, амжилт өөд тэмүүлэх хүсэл эрмэлзэлгүй болчихдог юм.

Сахилга бат гэдэг нь зорилгынхоо төлөө үл сатаарч, өөрийн жижиг хүслүүдийг дарах чадвар юм.

10 жилийн хувийн хэрэг дээр намайг сахилга баттай сурагч гэж дүгнэсэн байдаг. Би ч өөрийгөө сахилга баттай гэж боддог байлаа. Гэхдээ сахилга бат гэх зүйлийг багш бид хоёр хоёулаа буруу ойлгосон байж. Хичээл дээр урдаа 2 гараа зөрүүлж суугаад чимээгүй суух тухай биш багш шалгахгүй байсан ч гэрийн даалгавраа хийх тухай ойлголт байж. Хэн нэгний шахалт шаардлагаар бус өөрийнхөө сэтгэлийн тэнхээгээр цаг зуурын хүсэл сонирхлоо дарж, зорилгынхоо төлөө хичээх тухай өргөн хэмжээний ойлголт байж. Багш үймүүлдэггүй хүүхдийг сахилга баттай гэж дүгнээд ямар ч сахилга батгүй намайг нэлээн хэдэн жил өөрийгөө сахилга баттай гэж итгэх бат итгэл өгчээ.

“Маргаашаас эхэлнэ”, “Энэ киног үзчихээд хийе” гээд чухал ажлыг хойшлуулдаг. Хэн ч шаардаагүй учраас уншдаггүй, онцгой хэрэг гараагүй учраас хадгалах хэрэггүй гэж үзээд мөнгөө үрчихдэг энэ байдал маань туйлын сахилга батгүй хэрэг аж. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэх үг ариун цэврийн өрөөг хэрхэн цэвэрхэн ашиглахаас илүү чухал утгатай гэдгийг бид мэдэх атлаа мэдээгүй юм шиг л нүдээ аниад өнгөрчхөж. Муу зуршлаа орхиж, сайн хэвшилтэй болох цорын ганц арга нь өөрийгөө хуурахгүй байх юм.

Сахилга баттайгаар тасралтгүй хий

Таны амжилт тушаал дэвших тухай, шилдэг сургуульд сурах, гадаад байдлаа өөрчлөх эсвэл хайр дурлалаа аврах гээд аль нь ч байж болох юм. Нэг л зүйлийг сурчих. Тэгвэл бусад зүйлийг сурч чадна. Тэр нэг зүйл бол тэвчээр гэдэг. Өөрийнхөө амьдралыг өөрчлөх том зорилгынхоо төлөө өдөр бүр бага багаар тэмц. Өнөөдөр л үр бүтээлтэй сайн байвал хэдэн зуун эсвэл хэдэн мянган өнөөдөр нийлээд өнөөх бүтэшгүй мэт мөрөөдлийг тань биелүүлсэн байх болно.

Хавар ирлээ. Ирэх нь ч гарцаагүй байсан. Угаасаа л болдог зүйл. Гэхдээ энэ хаврыг арай өөр, илүү дээр хавар байлгахыг хүснэ. Эрүүл, ухаалаг, өөдрөг байхыг хүснэ. Өмнө нь хийж чадаагүй зүйлээ хийж сурахыг хүснэ.

Өмнө нь “Яагаад чадаагүй вэ?” гэдгээ бага ч болов ойлгосон болохоор одоо бол “Чадчихна” гэсэн итгэл төрөөд байна шүү. Энэ хавраас эхлээд нэг Цойлоод үзчих үү.

--

--

Marla
Marla

Responses (1)